Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ДАВХАР ЭРХ"

Анх Токиод ирээд эргүүлийн цагдаа шугамын автобус зогсоож шалгаж байхад нь нэлээд гайхаж хулгай зэлгий гарсан юм болов уу гэж сэм ажиглавал огт тийм юм болсон шинжгүй, харин жолооч нь зөрчил гаргаснаа хүлээж байгаа бололтой бүхий бичиг баримтаа үзүүлж байв. Дараа нь баттай сурвалжаас лавлан үзэхүл Японд замын цагдаа, энгийн цагдаа хоёр адилхан эрхтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл эргүүлийн цагдаа ч юм уу, элчингийн хажууд зогсож байдаг харуулын цагдаа машин, тээврийн хэрэгсэл шалгах эрхтэй гэсэн үг. Тийм учраас Японд дөрвөн замын уулзвар бүхэнд цагдаагийн пост заавал байна. Ёстой авмаар санаа. Учир юун гэвэл манайх шиг цөөн хүн амтай, таруу байршилтай оронд нэг хүнээр хоёр зүйлийн ажил хийлгэх нь дор хаяж цаг, мөнгө хэмнэх маш том боломж юм. Хэдэн жилийн өмнө үүнийг бичигч би бээр Улаанбаатар хотод Английн элчингийн урдуур чигээрээ баруун тийшээ явж байхад урдаас явж байсан “Соната хоёр” гэнэт зүүн гар тийш эргэж намайг машинтай минь бүтэн эргэтэл хэм мөргөж том аваар хийсэн юм. Дархан сумын засаг дарга гээд хоёр хөл дээрээ тогтохгүй нөхөр таль туль гээд бууж ирж билээ. Эрхбиш “Бенцний хүү” байсан тулдаа аюул гэмтэл багатай өнгөрсөн байх. Үүнийг харуулынхаа шовгорын өмнө зогсож байсан элчингийн манаач цагдаа улаан цагаан харсан бөгөөд шалгах, оролцох эрх байхгүй учир зүгээр гэрч юм уу, сонирхогч болоод хоцорсон юм. Мэдээж ийм хэрэг явдал зөндөө л болж байгаа. Тэгэхэд би давхар эрхтэй баймаар юм байна даа гэж бодож байж. Ийнхүү давхар эрхтэй байхын ач холбогдол маш их юм байна. Хамгийн наад зах нь цаг хугацаа алдахгүй, хүн хүч хэмнэх, хэргийг түргэн шуурхай, үнэн зөв шийдэх, хэргийн халуун мөрөөр орох гэх мэт. Ажиглаж байхад хөдөө хот суурингаас алслагдсан газруудыг ялангуяа ийм боловсон хүчнээр хангамаар санагддаг. Ёстой нөгөө амьдрал баян юм чинь төрөл бүрийн хэрэг явдал тохиолдож байгаа. Тухайлбал, хөдөө сумын нутаг дэвсгэрт нэг осол гарлаа гэхэд замын цагдаа дуудна гээд хамаг юмыг балладаг. Харин миний саналаар бол сумын цагдаа бүх асуудлаа хариуцана гэсэн үг. Ийм учраас цаашид давхар мэргэжилтэй, давхар эрхтэй мэргэжилтэн бэлтгэх бодлого баримаар санагдана.