“Алсын хараа” гэж нэг сайхан монгол үг бий. Холын бодол, уужуу ухаан, тулга тойрсон зүйл биш алс хэт, ирээдүйн бодол, ухаан гэсэн утгаар хэрэглэгддэг энэ хэлц үг бол холыг харах гэдэг үгээс үүдэж тогтсон монгол газрын сайхан хэлц байгаа юм. “Алсын хараатай амьдарцгаая” гэхээр бас сайхан сонсогдож байгаа биз? Юмны холыг харж, алс хэтээ зөв төлөвлөж, ирээдүйдээ итгэлтэй сайхан байя гэсэн монгол ухаанаар уриалаа юу дээ гэлтэй. Гэтэл үүнийг ашигласан нь архины үйлдвэр буюу монголын бараг нэг номерын архины компаний сурталчилгаа. Хараа архи хийдэг Зүүн хараагийн Спирт бал бурам гэдэг компаний аяны уриа юм. Өнгөн дээрээ алсын хараатай, холын бодолтой байхыг уриалаад байгаа юм шиг боловч харин ёстой “алсын хараа” нь ХАРАА архиа уугаад байгаарай, уугаад байгаарай гэсэн шиг утгатай аж. Ямар ухаантай нь ийм юм бодож олсон юм бүү мэд. Монголчуудыг Хараа архийг аль болох их уулгах, аль болох их хордуулах зорилго тавиа юу даа гэлтэй. Нэг хэсэг АПУ-гийн Ерөөл, Хараагийн Хараа хоёр би ч ерөөлтэй, чи ч хараал шиг хэмээн тэмцэлдэж бөөн юм болов. Ерөөл гэдэг нэр үгийн үйл үг нь ерөөх бол, хараах гэдэг үгийн язгуур нь Хараа гэж маргалдав. Гэтэл нөгөө Хараа нь болохоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хараа голын нэр байх. Хараа гэдэг голын оноосон нэрийг хараах гэдэг үйл үгийн язгууртай андуурчээ. Андуурах юу байхав зориуд мэдэн будилж байгаа л даа. Ингээд Хараалтай явснаас Ерөөлтэй явсан нь дээр гэж бүр ардын уран зохиолчоор хэлүүлж баахан рекламдсан нь цаанаа “Хараа архи авснаас Ерөөл архи авсан нь дээр” гэсэн утгатай байв. Архины сурталчилгааг хуулиар хориглодог болохоор архиа сурталчлах “мэргэн ухаан” олж байгаа нь энэ юм гэнэ. Иймэрхүү маягаар манай “ухаантай” бизнесмэнүүд үйлдвэрлэсэн архиа рекламдаад байгааг хэлний хүний хувьд дуугүй харж суух утгагүй. Хэл сэтгэхүй хоёр холбоотой, буруу сэтгэвэл буруу л ойлголт хүнд өгнө. Зориуд буруу сэтгэж бичиж ярих нь хүнийг, тэр байтугай нийгмийг хорлох аюултай. Харин Ерөөл архины ард “Анд яваа нь ганзага дүүрэн болтугай, аянд яваа нь олз дүүрэн болтугай” хэмээх ерөөл билгийн үг хэрэглэсэн нь хөөрхөн болсон. Ингэж бичвэл өөр хэрэг шүү. Алсын хараа чухал гэхдээ Хараа ч, Ерөөл ч аль аль нь алсын хараа бишээ. Үгийн салаа утгыг ашиглаж архи, согтууруулах ундааны зүйлийн реклам хийдгийг хуулинд хориглож оруулж өгмөөр юм байна.
Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "АЛСЫН ХАРАА"
Ангилал:
САНАА
2011.02.15