Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ЕРӨНХИЙ САЙД ТОКИОД"

Өнөөдрийн news.mn дээр Ерөнхий сайд Японд айлчилна гэсэн мэдээлэл гарсны дараа огцрох гэж байгаа Ерөнхий Сайдтай уулзаад яахнав дээ гэсэн утгатай сэтгэгдлүүд олон харагдсан. Япончууд ч бас тийм бодолтой байна. Гэхдээ эднийх бол манайх шиг сүүлчийнх нь урдахаа зуун хувь үгүйсгэдэг улс биш учраас энэ бол санаа зовох зүйл биш аж. Ер нь одоогийн Ерөнхий сайд Асог огцрох нь тодорхой болсныг олон эх сурвалж батлаж байгаа билээ. 
Ерөнхий сайд Санжийн Баяр өнөөдөр Токиод газардаж сая 6:30-аас Японы нэртэй буудал Нью-Отанид Welcome Party хийлээ. Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын соёл, эдийн засгийн нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагууд хамтран эл хүлээн авалтыг зохион байгууллаа. Тус хүлээн авалтыг нээж Японы Ерөнхий сайд асан Т.Кайфу гуай үг хэллээ. Тэрбээр Япончууд монголчуудад элэгсэг дотно ханддагаа илэрхийлээд олон жилийн өмнө Бямбасүрэн сайдын үед Монголд айлчилж байсан үеийнхээ хөгжилтэй дурсамжаас хуучиллаа.
Ерөнхий сайд С.Баяр Япончуудад хандаж “Кон бан ва, Монгол орны, Монгол Улсын, Монголын ард түмний анд нөхөд эрхэм хүндэт Япон анд нараа. Миний бие 11 жилийн өмнө Нью Отани хэмээх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийн айлчлалын бие бүрэлдэхүүнд багтаж ирэхэд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүд ийм арга хэмжээ зохион байгуулж байсныг санаж байна. Өнөөдөр би Токио Наритад бууснаас хойш гурван ч компаний нөхөдтэй уулзлаа. Тэд Монгол улстай уурхай, эрдэс баялаг, түүний дотор ураны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Бидэнд асар их боломж нь байгаа. Японд бидэнд найрсаг ханддаг ард түмэн нь байна, дэлхийн тэргүүлэх технологи нь байна ингээд бүгдээрээ сайхан хамтран ажиллая. Сая нэгэн үе Японы Ерөнхий сайд асан Тошика Кайфү гуай бидэнд хандаж сэтгэл хөдлөм сайхан үг хэллээ. Тэрбээр үгэндээ монголчууд Японы сумод амжилттай сайхан барилдаж байгаа тухай дурдлаа. Монголчууд Японы сумод арай хэтрүүлж байгаа бол уучлаарай. (хүмүүс инээлдэв) Та бүхэнд ч бас боломж байгаа энэ бол Монголын зах зээлд худалдаа, үйлчилгээний чиглэлээр амжилт гаргах тэнцүүлэх боломж юм. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж Монголын дэвжээнд олон ёокозуна, озэки төрүүлэхийг хүсэе. Энд ирсэн бүх хүмүүст хувиасаа болон хамт яваа нөхдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлэе” хэмээн ерөөлийн хундага дэвшүүллээ.
Тэрбээр нөгөөдөр буюу 17 ны Баасан гарагийн 1730-аас Аояама Гакуеэн Их Сургууль дээр “Монголын эрдэс баялаг, уул уурхай” гэсэн сэдвээр лекц унших юм. Дараа нь хэд хоног Хоккайдад ажиллаж Японы хөдөө аж ахуйн хөгжилтэй таницлах юм байна. Айлчлалын бүрэлдэхүүн бизнес групптэй нийлээд 80 шахам хүн багтсан томоохон айлчлал болж байгаа юм байна. 


Б.Ирээдүй, 21:00 цаг, 2009.07.15, Токио