Хаврын адаг шар луу сарын улаан бар өдөр бид Токиогоос зүүн хойд зүгт 200 орчим километрт байдаг Монгол тосгон буюу Мongolia Village –д монгол судлалын оюутнуудынхаа хамт нэг хоногоор танилцах аялал хийгээд зочлоод ирлээ. Токиогийн Гадаад судлалын Их Сургуулийн Монгол хэлний ангид элссэн шинэ оюутнууд хичээлийн жилийн эхэнд танилцах зорилгоор Насу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байх Тэнгэр нэрт энэ монгол тосгонд зочилж монгол гэр ахуй, ёс заншил, хоол унд, соёлтой танилцдаг уламжлалтай юм. Энд жинхэнэ монгол орчныг бүрдүүлж 12 монгол гэр барьж, дотоод тавилгыг монголоос авчирч Япон ахуй нөхцөлд тохируулан барьж байгуулжээ. Япон нөхцөлд тааруулна гэдэг нь airconditioner буюу агааржуулагч байрлуулж, өвлийн 80 см-ийн цасан дунд, зуны бүгчим 30 хэмийн халуунд зочин гийчин хүлээн авах нөхцлийг бүрдүүлжээ. Гэрийг таван төмөр баганатай цутгамал сууринд барихдаа ханын дотуур нь төмөр бүслүүрээр тойруулж ханаа бэхлэн, мөн баганыг цутгамал шалтай үхлүүт бэхлэж хөдөлгөөнгүй болгосон нь газар хөдлөлтөөс хамгаалсан бололтой. Монгол гэр бүрэн тавилгатай, хүний тав тухыг дээд зэргээр хангасан тохилог сайхан гэж жигтэйхэн. Энэ тосгон монгол ахуй орчныг бүрдүүлэн монголын хувцас хэрэглэл, хөгжим зэмсэг, ахуйн хэрэглэлүүдийг дэлгэн үзүүлж байна. Мөн дэлгүүр ажиллуулж, монгол жамц давс, чацаргана, архи, бэлэг дурсгалын зүйлс, хөгжим дууны си ди, монгол ном, соёлын бараа худалдаж байна. Монголоос морин хуурч Рэнчингийн Амарбаяр, ятгач Агваанцэрэнгийн Жамбалсүрэн нар гэрээгээр ажиллаж байна. Тэр хоёр өөрсдийн си ди-гээ Японд хийлгэж амжсан байна. Хамгийн содон санагдсан бараа нь “МОНГОЛ АГААР” байлаа. Нэг лааз монгол агаар 300 иэн буюу 4 ам. доллар. Монгол агаарыг лаазлан бэлэг дурсгалын хэлбэрээр зарж байгаа нь социализмын үед японууд гудамжиндаа агаар зарж, худалдаж авч байдаг юм гэнэ ээ гэж хэвлэлээр гарч байсныг санагдуулан инээд хүрч билээ. Японд “Монгол агаар” зарж байна. Хөөрхөн сэтгэсэн байна. Хүмүүс их авах юм. Манайхан бас яагаад хийж болохгүй гэж. Тэнд бас нэг хөөрхөн овоо босгож, дээр нь туг хиур, хийморийн дарцаг босгожээ. Нутгаа санаж овоог нь нэг тойроод ирлээ. Овооны их танд, олзны их маньд болтугай.
Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "МОНГОЛЫН АГААР" ЗАРЖ БАЙНА"
Ангилал:
ТЭМДЭГЛЭЛ
2012.02.14