Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ОРИГ ХУЖАА"

Хятадуудад хийхгүй юм алга. Хүнээс бусад орчлон дээр хүний л сэтгэж хийсэн бүхнийг нутагтаа хийж байх шиг байна. Made in China гэж бичээгүй бараа олоод ир гэвэл нүдний гэм болжээ. Хийхдээ нэг гараар хийхгүй нь харин нэг сайхан даа. Манайхан нэг юмыг олон янзаар хийдэг хүнийг олон гартай гэж цаанаа л тааруухан хэлэлцдэг. Манай охин Японд зарж байгаа Made in China гэсэн барааг “ориг хужаа” гэж нэрлэсэн нь ёстой оносон тодорхойлолт байлаа. Учир нь Англи, Германы зах дээр зарж байгаа бараа Монголын Нарантуул дээрхээс арай дээр, Японы зах зээл дээрхээс (манайхны ойлгодог хар зах бараг байхгүй учир зах зээл гэлээ) хэд дахин муу байх нь нүднээ тод, гарнаа илт. Нээрээ бодохноо хятадууд олон гартай юм шиг ээ. Ийм учир Японд байгааг нь ёстой ориг хужаа гэх нь зөв аж. Оригт ойртуулах гэж Япончууд ч сайн шахаж шаарддаг ч нэгэнт дийлэхгүйгээс хойш за тэр бараа таваар ч дүүрч, хортой юм өгөөд алаад хаячихгүй бол хоол хүнс л хэцүү гэж айх япон хүн зөндөө. Аргагүй ш тээ, хар тугалгатай банш, вандуй өгөөд баллах аа шахсан болохоор. Өөрөөр хэлбэл хятадууд нэг юмыг “гурван гараар” хийж байна гэсэн үг. Хамгийн муу боловсорсон бараг муужирч унамаар үнэртэй тоглоом, эсвэл гараар барихад бацрах, булангаас унаад будаа болох эд хэрэглэл, гайгүй суниах гарын ая даахгүй хувцас нь манайд очдог бололтой. Ганц манайд ч биш дэлхий дээр байдаг ядруу гэсэн хаягтай бүхэнд хүрэх. Ноднин хятадаас ногоо импорталдаг миний танил нэг өдөр байцаа ялгаж дундуур нь явахад ус шүүсэнд нь шинэ ширэн гутал нь хутгаар зүсчихсэн юм шиг зад зад явсныг сонсоод ухаан алдаж унахаа шахаж билээ. Хүний бие эрхтэн, ходоод гэдэс юу болж байгаа бол оо? Япон багшийн хэлснээр хувцас хэрэглэл яах вэ, хүнс хоол л аюултай байна. Хүнсээр дамжуулж үнс болгож байвал яана. Эзэн нь эзэн шиг, улс нь улс шиг байж, хахууль хээлэнд живчихэлгүй, хяналт, шаардлага нь хатуухан байвал хужаа нарт гайгүй юм өгөх боломж байгаа нь Японы зах зээлд гаргаж байгаа бараа таваараас илт байна. Хаана өөдгүй хүмүүс байна тэнд хогийн юм хэрээ хэзээд бэлэн байх нь тун харамсалтай. Тэртээ тэргүй энэ хорвоогийн хэн нь ч хорьж дийлэхгүйгээс хойш “ориг хужаа”-д нь ойртуулахын төлөө л хаана хаанаа бодмоор. 
22.05.09, Токио