Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ТОВЧЛОХ ӨВЧИН"

АН гэвэл Ардчилсан Нам, АНУ гэснийг Америкийн Нэгдсэн Улс гээд, МАХН гэхээр Монгол Ардын Хувьсгалт Нам, (Монголын Ардын биш Монгол Ардын шүү) ОХУ гэж байвал Оросын Холбооны Улс гээд товчилсоныг ойлгоод байж болно. Энэ бол хэлшинжлэлийн үг товчлох хураах ёсоор бичсэн хэрэг. Үгийг товчилж болно, бас тайлж уншиж болно, цаг хугацаа, цаас хэмнэх ашигтай. Тэр тусмаа монгол бичиг бол бүр ч сайхан татаж, товчилж хурааж бичих боломжтой бичиг. Кирилээр өөрөөс нь өөр хүн уншихааргүй товчилчихсон хүн ч байдаг. Ер нь ямар ч товчилолын эцсийн зорилго бол цаг хугацаа хэмнэх л байх. Энд үгийн товчилол биш үндэсний товчилох сэтгэлгээний тухай санаа хэлэх гэсэн юм. Уг удмаасаа морь малаар хаагуур л бол хаагуур дуртай газраараа товчилдог монгол сэтгэлгээ сүүлийн жилүүдэд бүр товчлох өвчин болж хувирлаа. Зам товчилох, бага, дунд, их сургууль товчилох, цэрэг армийн хугацааг товчилох, албан тушаал товчилох, үгүй ер товчилохгүй юм гэж алга. Уг нь дагаж биш угтаж хөгжих нэг онол байдаг боловч бас хамаагүй товчилж болохгүй юм гэж байна. Ингэж хамаагүй товчилж болохгүй юманд боловсрол яах аргагүй орно. Арван жилийн сургуулийн суурь боловсролыг алгасуулан сургах нь хүүхдийнхээ боловсрол олох цаг хугацааг хүчээр таслаж алж байгаагаа манайхан ойлгохгүй байна. Сүүлдээ бүгдээрээ 14-тэй их сургуульд орж 18 настай төгсдөг боллоо. Дээр хэлсэн шиг товчилол хэдийгээр цаг хэмнэх талаасаа зөв боловч шинжлэх ухааны үндэстэй боловсролыг дундаас нь алгасах нь тийм сайн зүйл биш гэдгийг ойлгоосой. Хэчнээн муу сургалттай сургууль байлаа ч гэсэн хичээлийн төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж, түүнд сайн ч муу ч сургалтын процесст оролцож өнгөрөх нь ерөнхий боловсрол олоход хамгийн чухал зүйл. Нэг хоёр жилийг хожсоноор тийм ашигтай үр дүн гарахгүй. Манайхан сургуулийг дан ганц дүн тавьдаг газар гэж бас бодоод байна. Ямарч сургуулийн газар бол эрдэм боловсролд сургахаас гадна хүнийг хүмүн болгодог хүмүүнлигийн газар шүү дээ. Тийм учраас хамт олны дунд төлөвших, хүн чанар, хүний мөс суух, харьцааны соёл дадалд сурахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үүнийг мартаж болохгүй юм. Боловсролыг товчилж болохгүй ээ. Бусдыг нь болох байх. Цаг хугацаа хожихоор сургуулийг товчлох нь товчилсоноос илүүг алдах магадлалтайг манайхан бодмоор. Ерөөсөө манайд  хүмүүс яг одоо танил тал, мөнгөөр юуг ч хийж болно, юуг худалдан авч болно, юуг ч бүтээж болно гэдэг нэг муухай “үзэл суртал” газар авчихлаа. Товчилсон хүүхэд ч бас өөрийнхөө үр хүүхдийг товчлох гэж үзэх вий. За миний мэдэхээр боловсролыг лав товчилж болохгүй. 
12.06.2009