Зургаан настай Зулаа охин аавынхаа багынх нь амьдрал түүхийг их сонирхон сонсож дахин дахин яриулах нь эгдүүтэй. Тэр тухай яриа аавынх багын резинэн хүүхэлдэй тэвэрч авахуулсан зургаас үүдэлтэй аж. Аав аа та эрэгтэй хүүхэд байж хүүхэлдэйгээр тоглодог байсан юм уу? Тэгэлгүй яахав аавыг нь багад тоглоом моглоом одоогийнх шиг есөн шидээрээ байдаггүй, олддоггүй байлаа. Олдож, авч өгсөн нь тэр байсан байх. Шилний хагархай, толины хэлтэрхий, модны тайрдасаар л тоглодог байлаа шүү дээ гэхээр их өрөвдөж хайрласан царайтай харах. Аав нь анх нэгдүгээр ангийн эхний улирал дуусгаж чадаагүй тоо бодлогынхоо номыг алдчихсан юм. Уг нь эхлээд тоогоо их хурдан боддог хүн болгоноос түрүүлэх гэдэг өвчтэй хүүхэд байсан юм. Номоо алдсанаас хойш хүүхдээс номыг нь гуйж даалгавараа хийдэг боллоо. За ингээд замрах тийшээ хандсан даа гэж тоонд муу байснаа толгой руугаа биш ном руугаа чихэх гэж үзлээ. Тоонд муу сайн байхыг тоож байгаа ч шинж алга. Ааваа та яасан гоё зурдаг юм бэ? Харин аавынх нь нэг сонирхолтой юм зураг зурахын бөөн өвчин байлаа. Юм л бол зураг зураад суучихна. Хамар даваад очих саахалтынхаараа тоотой орж үзсэн байж хаа байсан сансар огторгуй, саран дээр энэ тэр гэсэн зураг зурж хийрхэх. Ээ дээ мөн гэнэн байж дээ. Аав нь мөн их өлсдөг хүүхэд байсан шүү, сумын төвийн айлыг өдөртөө нэг гүйцээдэг хүүхэд байв шүү. Манайх чинь олон хүүхэдтэй ядарсан ёстой нөгөө хоосон хонодоггүй, хоёр иддэггүй, айл байлаа. Тэр үеийн “хэн дуудав хиншүү дуудав уу” гэдэг үг чинь жинхэнэ биеждаг газар чинь сумын төв. Ээ мөн олон айлын эгчийн гараас боорцог авсан даа гэвэл хоол авчирч өгөх нь халаг. Би та нарыг төгөлдөр хуур сургахын тулд мөнгө зараад л байдаг, та нарын байж байгаа царай гэж чамлах, нарийлахыг зэрэгцүүлэн хэлээд аав чинь бол гэртээ байсан баян хуур хөгжимийг хэнээр ч заалгаагүй өөрөө сонсголоороо сураад бүхэл бүтэн сумын төвийн бүжиг явуулдаг хүүхэд байлаа шүү дээ гэж аминдаа өөрийгөө магтаж жаахан онгирох аядвал аав аа бүжиг явуулах гэж яадагийн гэж урдаас бүлтийх. Тэгээд өглөө гараад хичээлд явна, өдөр ирээд гэрээ цэвэрлэнэ, хогоо хаяна, мөс усаа зөөнө, түлээ модоо хөрөөднө, хоол ундаа хийх гээд ойр зуурын хар бор ажил тасрахгүй. Оройхон нэг юм хичээлээ хиймэр болно. Гэрэл цахилгаан гэж байх биш лааны гэрэлд сөлөгнөж байтал алив унтаач ээ гээд бүгдээрээ орондоо орж гэрт нам гүм болно. Лаагаа гамнах гэж савантай усаар баахан үрдэг сэн. Аминдаа хэмнэж байгаа нь тэр гэвэл лаа гэж юу болохыг мэдэж байгаа ч янзгүй. За тэгээд сахилгагүй, дүрсгүй л гэж дүүрчихсэн амьтан байсан юм байгаа биз ээждээ баахан гөвүүлнэ. Аав барагтай бол гар хүрэхгүй, нүдний нь харцаар л байх. Ээж бол үглэх, зодох хоёрыг ч мөн үзүүлнэ шүү дээ, ган халбага, төмөр шанагаар ч мөн олон туулгасан даа, Үүний хүчинд аав нь өдий зэрэгтэй явж байж ч магадгүй гэвэл тэгээд та хоёр эгчийг зоддог байсан юм уу гэж өөрөө цохиулах гэж байгаа юм шиг ярвайчихсан суух. Аав нь хэрэв та нар шиг бүх юм нь бэлэн зэлэн, гадаад дотоодод сурахаа байг гэхэд үгүй бүр ядаж хотын хүүхэд байсан бол мөн ч их юм сурна даа ... гэж аминдаа аль болох их юм сургах тал руу нь догиох аятай ээрч муурч эвээ олж ядан гацаж байтал эхнэр нь өөрөө хотын охин байж “чи ч хотын банди байсан бол өдийд нэг ажил ч үгүй, амьдрал ч үгүй юм явах биз” гэж тоглож байгаа, шоглож байгаа хоёр нь мэдэгдэхгүй юу ч болоогүй юм шиг хэлэх. Нээрээ л би хөдөөний хүүхэд биш хотын хүүхэд байсан бол би ямаршуухан нөхөр явах байсан бол доо...
2009.06.23