Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ШИНЭ ЦАГИЙН ЕРТӨНЦИЙН ГУРАВ"

Ардын уран зохиолч Тангадын ГАЛСАН гуайн цуглуулан баяжуулсан таван зуун хуудас ертөнцийн гурав уншсан чинь шинэ маягийн марзан ертөнцийн гурав зохиогоод байж болмоор ч юм шиг санагдаад заримаас нь толилуулья.

Баянд за гэдэггүй үхэл нэг шударга,

Барлагт ч үгүй гэдэггүй нар нэг шударга,

Байж бай дараа гэдэггүй цаг нэг шударга.

****

Ноёдын цуглаан НАМ дээр,

Ноходын цуглаан СЭГ дээр,

Нөхдийн цуглаан УЙ дээр.

***

Мал ихтэй Монгол газар мах дүүрэн боловч үнэ ихтэй,

Хүн цөөтэй Монгол газар ажил муу  боловч  хов дүүрэн цөвтэй,

 

 

Газар ихтэй Монгол нутаг эрдэнэс арвин боловч мөнгө муутай.

***

Үгэндээ хүрээгүй гишүүн буух ёртой,

Үнээ хөөхгүй бух сүхдүүлэх ёртой,

Үнэ буухгүй наймаачин дампуурах ёртой.

***

Хурган дээлт хойморт,

Хувцас муут үүдэнд,

Ландтай нөхөр ширээнд,

Лаатай нөхөр шоронд.

***

Торгон дээлт дээшээ,

Тохойн цоорхой доошоо,

Өнгөт дээлт өөдөө,

Өвдөг нь цоорхой доошоо.

***

Нарнаас гэгээн од үгүй,

Найзаас зузаан анд үгүй,

Нагацаас илүү дотно үгүй.

***

Амраг хосууд уулзах ерөөлтэй,

Ажилсаг хүн баяжих ерөөлтэй,

Атаач хүн хоосрох ёроолтой.

***

Морь авбал туурайг нь шинж,

Машин авбал дугуйг нь шинж,

Ном авбал шилийг нь шинж.

***

Нам түшихээр зам түш,

Хадам түшихээр хад түш,

Магтаал түшихээр зэм түш.

***

Сонгуульд орж "үхсэнээс",

Суманд орж үхсэн нь дээр,

Нэрээ барж үхсэнээс,

Насаа барж үхсэн нь дээр.

***

Халуун амрагын зайдуу нь дээр,

Харз усны ойр нь дээр,

Хадам садны хол нь дээр,

***

Тивийн амьтад эвтэй нь дээр,

Тэмээ ямаа харьцаатай нь дээр,

Твиттэр жиргээ тоотой нь дээр.

***

Өртэй хүнтэй зах дээр таарах,

Өшөөтэй хүнтэй даваан дээр таарах.

Өөдгүй хүн өөдөөс таарах.

***

Хур ихэдвэл зуд, үер болох ёр,

Хур багадвал ган, хачиг болох ёр,

Хурицал ихэдвэл нас хэврэг болох ёр.

***

Хийморьгүй засгийн хурал нэг унтаа,

Хийгүй аваргын барьц нэг унтаа,

Хүнгүй автобусны жолооч нэг унтаа.

***

Намын эрхэнд сайд нэг хөөрхий,

Замын эрхэнд жолооч нэг хөөрхий,

Номын эрхэнд оюутан нэг хөөрхий.

***

Үргүй хүн өтлөхдөө зовох,

Өлгүй хүн өлсөхдөө зовох,

Оргүй хүн унтахдаа зовох.

***

Нам муут гишүүн болтолоо зовох,

Ном муут суран сурталаа зовох,

Нэр муут үхэн үхтэлээ зовох.

***

Идэш муу бол өвлийн зовлон,

Эхнэр муу бол өвгөний зовлон,

Үр муу бол өнийн зовлон.

***

Янаг ихэдвэл мунаг залгана,

Яншаа ихэдвэл хэрүүл залгана,

Яр ихэдвэл үхэл залгана.

***

 Өсөх хүүхдэд өш бүү тавь,

Өтөл өвгөнд өр бүү тавь,

Өших залууд хайр бүү тавь.

 

 

***

Уруудах айлын аав нь уравгар

Урагшгүй засгийн сайд нь уравгар

Ухаангүй ноёдын түшмэл нь  уравгар

 

***

Айлын ховыг авгай нар зөөнө

Аймгийн ховыг жолооч нар зөөнө

Улсын ховыг сайд нар зөөнө

 

***

 

Хуучин намын бэлгэдэл нэг улаан

Хувьсгалч залуугийн зангиа нэг улаан

Худалч сайдын нүүр нэг улаан