Бат-Ирээдүй

Хайх

Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: "ЭВ"

Өчигдөр амралтын өдөр гэртээ өнжлөө. Харин манай байшингийн урдуур гарах ногоон зам дээр нэг ачааны багашаархан тэрэг “шаварт суучихаад” гарах гэж үйлээ үзлээ. Шавар ч гэж дээ тэр нь манайхаар бол нойтон ширэг юм. Надад их сонин харагдахаар нь би зургийг нь авлаа. Тэнд гурван нөхөр машинаа гаргах ухаанаа олохгүй ёстой ядарч байна. Гадаа гүйж гараад алив би гаргаад өгөе гэж хэлэн алдавч охин хориглоод “яах юм бэ, наадуул чинь таныг машиндаа суухыг зөвшөөрөхгүй. Тэгээд ч та ч гаргаж чадахгүй байх” гэлээ. Гаргана аа, гаргана. Ийм юманд чинь эв хэрэгтэй байдаг юм. Тэрнээс эд нар шиг тултал хаазлаад орилуулаад байхад ийм гүехэн шавар дээр ч машин хий эргэдэг юм. Эвээр үзэх хэрэгтэй. Хүнд араанд нь хийгээд жинд нь таарсан зөөлөн хаазлаад араас нь жаахан дэм өгөхөд гараад л явчихна. Сэтгэлд багтаж л байлаа. Ээ чааваас эд нар засмал замаар жирийсээр байгаад бүр жижигхэн халтиргаанд суудаг болж дээ гэж харамсав. Тэр хэд сүүлдээ хамаг ачаагаа буулгаж зөөж байж нэг юм “шавраас” гарах “ухаан олж” гарав бололтой. Тэгээд би эвийн тухай бодож, нээрээ аливаа зүйлийг эвээр хийхгүй бол хүчээр хэдийг хийх билээ гэж буурал аавынхаа юухан дээр ч болов сургадаг байсан амьдралын боди сургаалыг дурсан суулаа. Буурал аав минь ямар ч юманд эвтэй байхыг сургадаг байсан юм. Зуухан дээрээс шанагатай цай авахад ч эв хэрэгтэй. Эвгүй авбал цалгиана, асгана гэдэгсэн. Энэ бол эв дүйтэй бай, эвээр юм хийж сур гэсэн амьдралын ухаан байлаа. Аливаа зүйлийн өөртөө байгаа юмуу, өөрийнх нь гаргасан тэр хүчийг дагуулж өөрт нь зориулахыг хэлж байгаа юм. Машин ч, хүн ч ялгаагүй. Их Сургуулийн салбар сургуулийн захирал хийж байхад үр хүүхдээ өмөөрсөн тэнтийж улайсан ууртай бүдүүлгүүд, өөрийнхөө төлөө л үхэж хатах гэсэн аминцарууд орж ирдэг л байлаа, худал хуурмаг хов жив магадгүй өмхий санаандаа илжрэхээ шахсан, хар муу санаандаа энэ тэгчих болов уу ингэчих болов уу гэсэн авгай, хүүхнүүд орж ирж хэрүүл уруул хийхийг алийг тэр гэхэв. Харин тэр болгонтой хэрүүл ам хийж гахай нохойдоо хүрэлгүй аашыг нь аманд нь хийж, уурыг нь уутанд нь хийж, хий хуйгаар нь даруулж буцаах буурал аавынхаа сургаалыг би баридаг байсан юм. Энэ бол эв. Би бас өөрөө мэдэхгүй ийм байх, тийм байх хэрэгтэй гэж үглэж дуулдаг шиг байна. Эвтэй байхын сургаал үр хүүхдүүдэд минь ч үргэлжилж л байх шиг санагдана. Өргөдөл бичих гэж өнцгөөс нь эхлэж байгаа хамаатнаа зэмлэж байх охиноо хараад зөв хө гэж догиож л байх жишээтэй. Нээрээ л үнэн. Зай данг нь олоод эвтэйхэн бичвэл ядаж хүн харахад ч аятайхан шүү дээ. Эв хавгүй мурийж сарийсан юмыг хэн ч сайнаар харахгүй, энэ ч дээ л гэнэ. Эвийн цаана их хүч хуримтлагдаж байдаг гэдэг. Эвийг нь олж хийвэл ямар ч хүнд байдлаас гарч болно, хүнд юмыг өргөж болно. Эвийг нь олж харицвал ямар ч эвгүй хүнийг давж, дарж болно. Эв гэхийн цаана эвлэгхэн, эвтэйхэн, эвсээрхэн, аятайхан, сайхан бүгд багтана. Эвтэй хүнийг зарим нь зөөлөн гэдэгийн. Зөөлөн байх нь хатуу байснаас дээр. Хяргаж тасдчих гэсэн хатуу нь хамаг хүчээ цацаад өнгөрөхөд зөөлөн хүчээ нөөгөөд үлдэнэ. Зөөлөн хатуугаа иднэ ч гэж яридаг. Яагаад гэвэл зөөлөн байна гэдэг эвийг нь олно гэсэн үг. Эвийг нь олох гэдэг нь хүчтэй байна гэсэн. Эв их цуглуулах тусмаа хүч энерги төдийчинээ их хуримтлагдана. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг сургаал чинь уг нь ганцхан улс төрд зориулсан үг биш шүү дээ. 
05.07.2009, Токио