Бат-Ирээдүй

Хайх

Т.Галсан: "Намрын шөнө найм, зуны шөнө зургаа"

Т.Галсан гуай гар утас барьдаггүй. Тэрбээр гэргийдээ “Г.Занданшатар гишүүнээс өөр хүн залгавал байхгүй гэж хэлээрэй” гээд хэвтээд өгдөг гэнэ. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрхэм гишүүнийг дэмжиж, Баянхонгор аймгаар сар гаруй хамт явжээ. Нэг өдөр гишүүнийг салхилчихаад гаднаас орж ирэхэд нь Т.Галсан гуай “Чи хаана хонов” гэж асуухад “Таны хажуугийн орон дээр унтсан шүү дээ” гэжээ.

Өвгөн найрагч ёжтойхон инээмсэглэж, “Чам шиг залуу байхад орон дээр биш охин дээр унтаж, намрын шөнө найм, зуны шөнө зургаа амжуулж явлаа” хэмээн эротик сургаал айлдсан аж. Түүнээс хойш зохиолч нөхөд нь “Эротик онигооны Галсан” хэмээн даапаалдаг болжээ.
Саяхны нэг өдөр тэрбээр такси бариад гэрийнхээ гадаа иртэл жолооч “2000 төгрөг гарлаа″ гэхэд задгай мөнгөгүй тул 20 мянган төгрөг өөдөөс нь сарвайжээ. “Та баянаараа битгий гайхуулаад байгаарай” гээд хөмсөг зангидахад нь тэрбээр тайвнаар “Бидний цөөхөн монгол бие бие рүүгээ хялалзаад яахав. Энэ мөнгийг танд өгчихье. Алтан шар зам чинь өлзийтэй байх болтугай.
Харин замын цагдаа холуур явах болтугай” гэхэд жолооч муухан жуумалзаж гэнэ. Тэгэхээр нь үргэлжлүүлэн “Оройтоод очиход авгай чинь уурлалгүй, тос гартал тас тэврэх болтугай.
Арын чинь суудал дээр гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай” гээд хэлтэл жолооч өөрийн эрхгүй элгээ хөштөл инээж, “Би таныг гэрт чинь оруулж өгье” гэжээ.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин